ТАСДАЖ ҮЛ БОЛОХ САРНАЙ номны хэсгээс
Би чамаас нэг юм асууя гэж Халиунаа хэлээд хэсэг зуур түгдэрлээ.
-За тэг л дээ. Юу тэр вэ гээд би сониучирхан түүнийг ширтлээ. Би чамайг эхнэртээ хайртай гэдгийг чинь мэднэ л дээ гээд Халиунаа мөн л түгдэрэн үгээ таслан уруулаа хазлаад чимээгүй болчихов. Тиймээ, Би эхнэр хүүхэддээ юунаас ч илүү хайртай гэж би дотроо бодсон ч түүнийг гомдоочих вий гэж болгоомжлоод хэлж зүрхэлсэнгүй.
–Би чамд харин хайртай болчихлоо гэж Халиунаа хэлээд зорголын нүд шиг өтгөн сормууст хархан нүднийхээ харцыг надаас буруулав. Би түүнийг хэзээ нэгэн цагт ингэж хэлэхийг мэдэж байсан ч яг цагаа тулахаар тулгамдаад хэлэх үг олдсонгүй. Юу хэлэхээ жаахан цэгнэж сэхээ орсон би:
–Бид хоёр зүгээр сайхан найзууд шүү дээ гэж дэмий л амандаа бувтнав. Үнэндээ би ямар тэнэг хариулт хэлсэнээ төдөлгүй ухаарав. Нэгэнт уруул давсан үгийг буцааж ямар болох биш. Дөнгөж л 20 хүрч яваа охин 40 шахаж яваа үе мултарсан бид хоёр ямар юмных нь найзууд байх билээ дээ.






